
Нэгэн зууны түүхийг бүтээсэн МҮЭ-ийн тулгын чулууг тулалцаж улс эх орныхоо хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь өдгөө 90 гаруй жилийг үзэж, ҮЭ-ийн үе үеийн ажилтнууд, эв нэгдлийнхээ хүчээр нийгэм, эдийн засгийн ямар ч нөхцөлд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах эрхэм зорилгоосоо хазайлгүй цаг цагтаа ҮЭ-ийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэл бүхий хөгжлийн замаа тодорхойлж ирсэн түүхтэй билээ. Он жилийн явцад тус салбарын ҮЭ-ийн холбоо нь 20 гаруй мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэн, хөдөлмөрлөх эрх ашгийг тууштай хамгаалж ирсэн үндэсний хэмжээний байгууллага юм.
Бид эв нэгдэл хэмээх бүлээ нэмж тэднийхээ хүний эрүүл мэндийн төлөөх хөдөлмөрийг Монгол улсад жишиг үнэлэмжтэй болгохын төлөө алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон тавьж жил бүр шаргуу хөдөлмөрлөж, тууштай тэмцэж ажилласны үр дүнд цалин, хөлсийг жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн төдийгүй 2018 оны байдлаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлж, 2019 онд эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн цалинг 1-3 зэрэглэл ахиулж улмаар 2018-2019 онд төрийн үйлчилгээг үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 16,6-47,6 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй ажилтнуудын унаа, хоолны хөлс,үр дүнгийн урамшууллын зардлыг нэмэгдүүлсэн зэрэг олон амжилтуудыг гаргажээ. Мөн салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн VIII сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгох журам гарган хэрэгжүүлж, сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх 1:2 зорилтыг дэвшүүлж ажиллаж байна.
Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд “Бүтээмжийн хөдөлгөөний багш арга зүйч” , “Үйлийн судалгааг амьдралд нэвтрүүлэх нь” зэрэг шинэлэг сургалтууд болон уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн”, “Хөдөлмөрийн эрх зүйн сургалт”, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт”-ууд зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулан явуулдаг билээ. Цаашид бид салбарынхаа ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх эрхэм зорилгынхоо төлөө тууштай ажиллах болно.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гишүүдийн
эв санааны нэгдэл улам батжих болтугай
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ
ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.МЯГМАР
|