2001 оны  11 дугаар сарын 8-ны өдөр                                        Дугаар 81                                  Улаанбаатар хот

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ ТУХАЙ
 

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтын ёсоор баталсугай.
  2. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
    1/ Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх;
    2/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, 2002 оны II улиралд багтаан баталж хэрэгжүүлэх.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                  С.ТӨМӨР-ОЧИР

 

Улсын Их Хурлын 2001 оны
81-р тогтоолын хавсралт
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилго нь байгаль, хүн, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

1.2.Нийгмийн эрүүл мэндийг төлөвшүүлэх гэж хүний амьдралын чанарын түвшинд сөргөөр нөлөөлж, өвчин, эмгэг, осол, гэмтэлд хүргэж буй нийгэм, эдийн засаг, орчны хүчин зүйлээс сэргийлэх, шалтгаан, үр дагаврыг арилгах, хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийгмийн нөөц, бололцоог зүй зохистой ашиглах үйл ажиллагааг хэлнэ.

1.3.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг зөвхөн өвчин эмгэгийг эрт илрүүлэх, төгс эмчлэх төдийгүй, эрүүл хүнд хандуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх нь хүний хөгжлийн чухал хэсэг болох нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл болно.

1.4.Энэхүү бодлого нь ойрын 10-15 жилийн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох үндсэн баримт бичиг мөн.

Хоёр. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн зарчим

2.1.Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:

2.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг стандартчилж, чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;

2.1.2.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндийн хувьд үр дүнтэй, нийгмийн хувьд үр нөлөөтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх;

2.1.3.нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь нийтээр хүлээн зөвшөөрсөн дэвшилтэт технологи, уламжлалд тулгуурласан хямд, энгийн байх;

2.1.4.улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан, нэгдсэн сүлжээг бий болгох;

2.1.5.нийгмийн эрүүл мэндийн асуудлаар салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, гэр бүл, хамт олны оролцоонд тулгуурлан сайн түншлэлийг хөгжүүлэх;

2.1.6.нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын эрх мэдэл, үүрэг, хариуцлагыг өргөжүүлж, удирдлагын төвлөрлийг сааруулах.

2.2.Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын болон бусад тусламж, дэмжлэгээр санхүүжүүлнэ.

Гурав. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл

3.1.Нийгмийн эрүүл мэндийн бодлого нь дараахь чиглэлээр хэрэгжинэ:

3.1.1.хувь хүн, гэр бүл, хамт олонд хүртээмжтэй, энгийн арга хэлбэрээр өөрсдийг нь оролцуулах замаар эрүүл мэндийн анхны тусламжийг хөгжүүлэх;

3.1.2.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг зан үйлтэй болгох ажиллагааг бүх талаар хөгжүүлэх;

3.1.3.хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх;

3.1.4.эрүүл мэндийн салбарын тогтолцоог нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд чиглүүлэн боловсронгуй болгож нийгмийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийг хийх.

Дөрөв. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга зам

4.1.Эрүүл мэндийн анхны тусламж

4.1.1.Сум, баг, өрхийн эмнэлгийг бэхжүүлж, чадамжийг нь дээшлүүлэх, өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих замаар эрүүл мэндийн анхны тусламжийн чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг хангана.

4.1.2.Хүн амын эмзэг хэсгийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн, хүмүүнлэг, ээлтэй тусламж, үйлчилгээг дэмжинэ.

4.1.3.Гэр бүл төлөвлөх, эмэгтэйчүүд эсэн мэнд амаржих, өсвөр үеийг бэлгийн амьдралд бэлтгэх зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандартыг хангана.

4.1.4.Хүүхдийг хөхөөр хооллох, гэр бүл, нийгмийн орчинд өсгөн бойжуулах, асран хамгаалах, эрүүл өсгөх таатай орчин бүрдүүлэн тэдний бие бялдар, оюун санааны өсөлт, хөгжилтийг хангана.

4.1.5.Хүн амыг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон унд, ахуйн усаар найдвартай хангах, усны эх булгийг бохирдлоос хамгаалах нөхцлийг бүрдүүлнэ.

4.1.6.Халдварт өвчний тандалт, мэдээллийг сайжруулж, дэгдэлтийг орон нутгийн хэмжээнд таслан зогсоох чадамжийг дээшлүүлэн, дархлаажуулалтын хамралтын хувийг нэмэгдүүлж, зонхилон тохиолдож буй халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулах бэлдмэлийг туршин нэвтрүүлнэ.

4.1.7.Хүн ам, ялангуяа түүний эрсдэл ихтэй бүлгийн дунд тандан шинжих аргыг нэвтрүүлж, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн тархалтыг бууруулна.

4.1.8.Мал, амьтнаас хүнд халдварладаг бруцеллёз, тарваган тахал, боом, галзуу, бэтэг зэрэг болон шинэ, дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ.

4.1.9.Төв, суурин газраас хэт алслагдсан нутаг, говийн бүсийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхны тусламж, үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх нөхцлийг бүрдүүлнэ.

4.1.10.Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, осол, олон хүний амь насанд аюул учруулах халдварт өвчний үед хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангана.

4.1.11.Сэргийлэх үзлэгийн хүрээг өргөтгөж, удамшлын эмгэг, зүрх судас, мэдрэлийн өвчин, хорт хавдар зэргийг эрт илрүүлэх, төгс эмчлэх орчин үеийн аргыг нэвтрүүлнэ.

4.1.12.Хүн амыг чанарын баталгаатай, зайлшгүй шаардлагатай эм, биобэлдмэлээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах нөхцлийг бүрдүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.

4.1.13.Монгол хүн амьдралынхаа туршид тэжээллэг чанар бүхий аюулгүй, экологийн цэвэр хоол, хүнсээр хангагдах, зөв хэрэглэх нөхцлийг бүрдүүлнэ.

4.2.Эрүүл мэндийн боловсрол, зан үйлийн төлөвшил

4.2.1.Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх албан болон албан бус сургалтыг боловсронгуй болгоно.

4.2.2.Эрүүл мэндийг дэмжигч хамт олон болох иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл, санаачлагыг бүх талаар дэмжинэ.

4.2.3.Улсын бүртгэлд ороогүй, стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд нийцээгүй үйлчилгээ, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд мэргэжлийн хяналт тавих эрх зүйн орчин бүрдүүлнэ.

4.2.4.Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх, буруу зан үйлийг өөрчлөх замаар зүрх судасны өвчин, хорт хавдар, осол, гэмтлийг бууруулна.

4.2.5.Нийтийн биеийн тамир, спортыг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, залуу үеийн бие бялдрыг чийрэгжүүлэх чиглэлээр хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, хувь хүний үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, идэвх санаачлагыг дэмжинэ.

4.2.6.Гэр бүл, хамт олон, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжиж, бухимдал, хүчирхийллээс сэргийлэх, тэмцэх замаар хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаална.

4.3.Орчны эрүүл мэнд

4.3.1.Хүн амын суурьшил, нягтрал, хот төлөвлөлтөнд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцох, эрүүл ахуйн хэм хэмжээ, стандартад нийцүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

4.3.2.Хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгах, шалтгаан, үр дагаварыг арилгахад чиглэсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үүнийг төрөөс хөхүүлэн дэмжиж хэрэгжүүлэх замаар хүн амыг амьсгалын эрхтний цочмог болон архаг өвчнөөс сэргийлнэ.

4.3.3.Хот, суурин газрын нийтийн эзэмшлийн газрыг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх замаар хүн амд ногдох ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлнэ.

4.3.4.Бохир усны сүлжээ, татуурга, цооног, бие засах газрын стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээг хангаж, хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийн техник, технологийг сайжруулна.

4.3.5.Ахуйн болон үйлдвэрлэлийн ердийн, хатуу хог хаягдлыг ангилах, боловсруулах, хаях, булшлах технологийг боловсронгуй болгох замаар хөрсийг бохирдлоос хамгаална.

4.3.6.Эрүүл мэндийг хамгаалах үүднээс химийн хортой болон цацраг идэвхт бодис, нянгийн өсгөвөр, эмнэлгийн болон бусад халдвартай хог хаягдлыг байгаль орчинд аюулгүйгээр зайлуулан устгана.

4.3.7.Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэм хэмжээ, стандартыг хангаснаар хөдөлмөрийн чадвар түр алдалт, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн ослыг бууруулна.

4.4.Нийгмийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт

4.4.1.Энэ бодлогод нийцүүлэн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

4.4.2.Зохион байгуулалтын оновчтой, тогтвортой бүтцийг улсын болон бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бий болгож хөгжүүлнэ.

4.4.3.Нийгмийн эрүүл мэндтэй холбоо бүхий Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн уялдааг сайжруулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

4.4.4.Хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг архи, тамхины онцгой албан татварын тодорхой хэсгийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулна.

4.4.5.Нийгмийн эрүүл мэндийн хүний нөөц, санхүү, мэдээллийн удирдлагын чадамжийг бэхжүүлж, хөгжлийг хангана.

4.4.6.Нийгмийн эрүүл мэндийн сургалтын төв, сургууль байгуулж, үндэсний боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бий болгож, сургалтыг боловсролын талаархи төрийн бодлоготой уялдуулан зохион байгуулна.

4.4.7.Эрүүл мэндийн анхан шатны байгууллагыг эрүүл мэндийг дэмжих төв болгон өөрчлөх, зүрх судасны өвчин, осол, гэмтэл, хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хоолны сувилалын төв зэргийг одоогийн бүтэц дээр тулгуурлан шинэчлэн зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг давамгайлан хөгжүүлнэ.

4.4.8.Нийгмийн эрүүл мэндийн лабораторийг үе шаттайгаар байгуулж, чадамжийг нь дээшлүүлнэ.

Тав. Бусад зүйл

5.1.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж боловсруулах, тэдгээрийг цаашид боловсронгуй болгоход Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг үндэс болгоно.

5.2.Энэхүү бодлогыг Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын чиг үүрэг, эрхлэх асуудалд хамруулж, тэдгээрийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

 
Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид айлчиллаа.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны албан айлчлалаар Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын Ардын их хурлын Байнгын хороо, ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид салбарын ҮЭ-ийн холбоонд айлчилж, хамтран ажиллах санал солилцлоо. ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.
МЭМАҮЭ-ийн холбооны "Сургалт, судалгааны төв”-ийн танхимд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Сургалт судалгааны төв”-тэй боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа.
Сайн байна уу. "Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа. Та бүхэн журмын дагуу материалаа бүрдүүлэн 3 сарын 10-ны дотор ирүүлээрэй. ...Дэлгэрэнгүй
2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.  ...Дэлгэрэнгүй
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ.
өрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн байгууллагууд, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагуудыг төлөөлж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ. ...Дэлгэрэнгүй
Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-д МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. ...Дэлгэрэнгүй
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.