
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг төрийн бодлогод тусгах, зөвлөмжийг холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж, тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгдсэн “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН БАТАЛГАА” Улсын зөвлөгөөнийг 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Уг зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт, болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдвээр илтгэл, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах чиглэлээрх цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хамтын хэлэлцээрт тусгах нь” зэрэг сэдвээр илтгэл тавин зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Эрүүл мэндийн салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд хайхралгүй орхисон эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх, ажлын ачаалал, хөдөлмөрийн нормыг тогтоох, ажилтнуудын нийгмийн баталгааны тулгамдсан асуудлаар гарсан саналыг хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх арга замыг шинэчлэх, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөлд тусгах, Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар хэлэлцэн гарсан санал хүсэлтийг нэгтгэн зөвлөмж гарган Засгийн газар болон холбогдох байгууллагад хүргүүлэхээр болсон юм.


 |