Гурван талт хэлэлцээр

Эрх зүй

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ
2021-2022 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР

Нэг. Хууль тогтоомж, конвенцийн асуудал

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх дараах хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нийгмийн түншлэгч талуудын саналыг тусгана:
    1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль
    2. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль
    3. Нийгмийн даатгалын багц хууль
    4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
    5. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль
    6. Боловсролын багц хууль
  2. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах конвенциудад нэгдэн орох асуудлыг шийдвэрлүүлнэ:
    1. Аж үйлдвэр, худалдааны хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенци
    2. Хөдөө аж ахуйн хөдөлмөрийн хяналтын тухай 129 дүгээр конвенци
    3. Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааны тухай 151 дүгээр конвенци
  3. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах конвенциудад нэгдэн орох асуудлыг судална:
    1. Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр конвенци
    2. Цалин хөлсийг хамгаалах тухай 95 дугаар конвенци
    3. Зам, тээврийн ажилчдын ажил, амралтын тухай 153 дугаар конвенци
  4. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах конвенциудын хэрэгжилтэд үнэлгээ хийнэ:
    1. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенци
    2. Зохион байгуулах, хамтын гэрээ, хэлэлцээр хийх эрхийн тухай 98 дугаар конвенци
    3. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн орчны тухай 167 дугаар конвенци

Хоёр. Эдийн засгийн өсөлтийг хангаж, үйлдвэрийг дэмжих асуудал

  1. Эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх эрчим хүч, зам, барилга, бараа үйлчилгээ худалдан авах арга хэмжээг үндэсний аж ахуйн нэгж, байгууллага, компаниудаар хийж гүйцэтгүүлэх асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.
  2. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд аж ахуй нэгж, байгууллагууд тэр дундаа жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээх хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэдэггүй үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулан Засгийн газарт танилцуулна.
  3. Инфляц, мөнгөний худалдан авах чадвар болон ханшны хэлбэлзлээс аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хамгаалах, бүтээмжийг өсгөх, ажилчдын ур чадвар, ажлын гүйцэтгэлийг чанартай уялдуулах тогтолцоог бий болгох судалгаа хийж эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд танилцуулна.
  4. Мөнгөний бодлогын болон хадгаламжийн хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулах асуудлаар нийгмийн түншлэлийн талуудаас гаргаж буй санал, байр суурийг Монгол банк, Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлэх талаар хамтран ажиллана.
  5. Хууль тогтоомж гаргах, нэмэлт өөрчлөлт оруулах, ялангуяа төсвийн хуулийг шинэчлэн батлах үедээ (судалгааны үр дүнд тулгуурлаагүй, санал авахгүйгээр өөрчлөлтүүдийг оруулах, улс төрийн амлалт, шахалтаар) нэмэгдсэн өртөгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, гаалийн татвар, татварын хэмжээг нэмэхгүй байх талаар гаргасан нийгмийн түншлэлийн талуудаас гарсан байр суурийг Улсын Их Хурал, Засгийн газарт уламжилна.

Гурав. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах асуудал

  1. “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлуулж, нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллана.
  2. 2021-2022 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлнэ.
  3. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлээр “Ажил мэргэжлийн стандарт” боловсруулах ажлыг идэвхижүүлж, уг стандартад суурилсан сургалтын хөтөлбөрөөр суралцагчдыг бэлтгэнэ.
  4. Албан бус хэвшилд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг албан салбарт шилжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
  5. Малчин өрхийн хөдөлмөрийн хуваарийн талаар судалгаа явуулж, судалгааны үр дүнд үндэслэн малчин өрхийг аж ахуй эрхлэх, нэмүү өртгийн сүлжээ бий болгох сургалтын хөтөлбөр, модуль боловсруулан гаргана.
  6. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилж, албан салбарт шилжүүлэх чиглэлээр нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллана.
  7. Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн дадлагажуулагч бэлтгэх журмыг шинэчлэн баталж мөрдүүлнэ.
  8. Ажлын байр олноор нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагыг нийгмийн түншлэгч талууд хамтран шалгаруулж, алдаршуулах арга хэмжээг зохион байгуулна.
  9. Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын баримт бичгийг баталж хэрэгжүүлнэ.
  10. Нийгмийн түншлэгч талуудтай хамтран хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, ур чадвар, мэргэжлийн түвшин, зэрэгтэй уялдсан цалин хөлсний аргачлалыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ.

Дөрөв. Цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах асуудал

  1. Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ.
  2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх тооцоо, судалгааг хийж, санал дүгнэлт боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд танилцуулна.
  3. Цалин хөлсний талаар Үндэсний хэмжээнд баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг Цалин хөлсний дэд хорооны хурлаар жил бүр хэлэлцэж, зөвлөмж гаргана.
  4. Цалин хөлсний улсын үзлэгийг нийгмийн түншлэгч талууд хамтран зохион байгуулна.
  5. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэнэ.
  6. Хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох аргачлалыг шинэчлэх ажлыг түншлэгч талууд хамтран хэрэгжүүлнэ.
  7. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг гүйцэтгэл, үр дүнтэй нь уялдуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

Тав. Нийгмийн хамгааллын асуудал

  1. Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалтад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлттэй уялдуулан шийдвэрлэнэ.
  2. Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  3. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг 2022 онд багтаан инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
  4. Үндэсний баялагийн сан, хуримтлалын нэгдсэн сангаас тэтгэврийн санг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Зургаа. Ажлын байрыг эрүүл аюулгүйгээр зохион байгуулах асуудал

  1. “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001:2018 стандарт”-ыг аж ахуй нэгж, байгууллагад нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх зардалд төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хувийг улсын төсөвт, аж ахуй нэгж байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5-аас доошгүй хувийг тус тус төсөвтөө тусгана.
  3. Ажлын байранд хөдөлмөрийн эрүүл, аюулгүй ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгыг тогтмолжуулах асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хурлаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.
  4. Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр уул уурхайн үйлдвэрлэл дагасан тээврийн компаниудад гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулан үзлэг хийж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор хэлэлцүүлнэ.
  5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар стратеги, төлөвлөгөө боловсруулж, нийгмийн түншлэгч талуудтай хамтран хэрэгжүүлнэ.
  6. Барилгын ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх тухай Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх заалтын хэрэгжилтийг хангуулах улсын болон салбарын нийгмийн зөвшлийн талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллана.

Долоо. Нийгмийн түншлэлийн асуудал

  1. Монгол Улсын Засгийн газрын “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
  2. Салбар, орон нутгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хоѐр ба гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос зөвлөмж чиглэл өгч, талуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулна.
  3. “Ирээдүйн ажил мэргэжил болон мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог дэмжих нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох зөвлөмж гарган хэрэгжилтийг зохион байгуулна.
  4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилахад нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана.
  5. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллана.

Найм. Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал

  1. Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж, салбар орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага бүх түвшинд адил дагаж мөрдөнө.
  2. Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө.
  3. Хэлэлцээрийн биелэлтэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо болон хэлэлцээрт оролцогч талууд хамтран хяналт тавина.
  4. Улсын хэмжээний хэлэлцээрийн биелэлтийг гурван тал хагас, бүтэн жилээр гаргаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор хэлэлцүүлэн олон нийтэд мэдээлнэ.
  5. Засгийн газар, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын удирдлага, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, мөн шинэчлэн зохион байгуулагдах нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
  6. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцээ хийж шийдвэрлэхэд энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмыг дагаж мөрдөнө.
  7. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд батална. Хэлэлцээрийн төлөвлөгөөг талуудын болон холбогдох яам, газрын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
  8. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад талуудын хооронд үүссэн маргааныг хамтран хэлэлцэх, тохиролцох бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ А.АРИУНЗАЯА
САНГИЙН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Г.БАТСУУРЬ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.БАТБААТАР
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭРДЭМБИЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ЗОРИГТ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА А.ХИШИГБАЯР
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Л.ТӨГСБАЯР

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ:

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ Х.АМГАЛАНБААТАР
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.АДЪЯА
МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА З.ЦОГТГЭРЭЛ
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.АРИУНАА
МОНГОЛЫН ТЭЭВЭР ХОЛБОО, ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.РАГЧАА
МОНГОЛЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА М.АЛТАНЦЭЦЭГ
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.БУЯНЖАРГАЛ
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.БАТЦОГТ
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА С.ЖАРГАЛСАЙХАН

АЖИЛ ОЛГОГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ,ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ Х.ГАНБААТАР
МОНГОЛЫН ХҮНСЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТЭРБИШДАГВА
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН “ӨЛЗИЙТ ТӨВ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.ДАШ-ӨЛЗИЙ
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОРПОРАЦИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Б.ЖҮГДЭР
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА,АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АССОЦИАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ПҮРЭВДОРЖ
МОНГОЛЫН АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.БАЯРСАЙХАН
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Э.ЭНХЖАРГАЛ

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр