Салбарын хэлэлцээр

Эрх зүй

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2020-2021 ОНЫ
ХАМТ/ТАРИФ/-ЫН ХЭЛЭЛЦЭЭР

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйл, 11.5, 19.1.2, 19.1.5, 20.4.2 дэх заалтуудыг тус тус үндэслэн энэхүү хамтын хэлэлцээрийг байгуулав.

Хэлэлцээрийн зорилго нь Эрүүл мэндийнсалбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэхэд оршино.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Салбарын хамт(тариф)-ын хэлэлцээрийг үндэслэн эрүүл мэндийн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй бүх байгууллагууд хамтын гэрээ байгуулан харъяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана. Хэлэлцээрийг хэрхэн биелүүлж байгаа явц, үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
  2. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, тэдгээрийн харьяа байгууллага, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь хууль, эрх зүйн хүрээнд бодлого шийдвэрээрээ хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээнэ.
  3. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд нь тус хэлэлцээрт заагдсан нөхцөл баталгаанаас дордуулсан тушаал, шийдвэр гаргасан тохиолдолд энэхүү хэлэлцээр эсвэл байгууллагын хамтын гэрээг дагаж мөрдөнө.
  4. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ортой эмнэлгүүдийн даатгалын суурь тарифыг улсын эмнэлэгтэй ижил түвшинд үе шаттайгаар хүргэх асуудлыг жил бүрийн төсөвт тусгах замаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хамтран шийдвэрлүүлнэ.
  5. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгааг хангах үйл ажиллагаа, цалин хөлсний хэмжээг байгууллагын нийт ажилтанд жил бүр ил тод мэдээлнэ.

ХОЁР.ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР

  1. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан ДНБ-ний 5-аас доошгүй хувьд хүргэхийн төлөө талууд хамтран ажиллана.
  2. Эрүүл мэндийн салбарын төсвийн төсөл боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны саналыг тусгаж, хамтран ажиллана. Эрүүл мэндийн байгууллагуудын түвшинд тухайн жилийн төсвийн төсөл боловсруулах асуудлаар үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөн, хамтран ажиллана.
  3. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ажлын ачааллыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг иргэний тариф болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилтыг нэмэгдүүлэх замаар анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтыг 2020 оноос эхлэн 2 дахин нэмэгдүүлнэ.
  4. 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх замаар өрхийн эрүүл мэндийн төвийн ажил олгогч шаардлагатай орон тоог ажиллуулж эмч, ажилтнуудын цалинг Монгол улсын Засгийн газрын цалингийн сүлжээгээр цалинжуулах ба нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж хамтын гэрээний үр өгөөжийг дээшлүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
  5. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх 4 төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг ЭМДҮЗ, ЭМДЕГ-тай хамтран хэрэгжүүлнэ.
  6. Хөдөлмөр зохион байгуулалт нь өдрөөр ажиллах горимтой эмч, ажилтнууд жижүүрт гарч ажилласан тохиолдолд биеэр амруулаагүй бол илүү цагийн хөлсийг ажил олгогч бүрэн олгох үүрэг хүлээнэ. Илүү цагаар ажилласан ажилтны цагийг хасч тооцсон ажил олгогчид хариуцлага хүлээлгэнэ.
  7. Эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн хомсдлыг арилгах, ажлын ачааллыг бууруулах зорилгоор сувилагч бэлтгэх боловсролын тогтолцоог шинэчлэх, төрөөс үнэ төлбөргүй сургах асуудлыг БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран судалж, шийдвэрлэнэ.
  8. Эрүүл мэндийн байгууллагын үйлчлэгчийг богино хугацааны сургалтад үе шаттай хамруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран судалж, шийдвэрлэнэ.
  9. Тодорхой шалтгааны улмаас ажлын байрыг олноор цөөрүүлэх, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ ажил олгогч нь ҮЭ-ийн байгууллагад 45 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангах, тэдний нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр хийн тусгай гэрээ байгуулж, нутаг дэвсгэрийн хөдөлмөр зохицуулалтын албанд бичгээр мэдэгдэнэ.
  10. Энэхүү хэлэлцээрийн 2.3-т заагдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтан, өрх толгойлсон болон насанд хүрээгүй 2-оос дээш хүүхэдтэй ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй байх бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотголд орсон тохиолдолд өмнө нь авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг бууруулахгүйгээр өөр ажлаар хангана.
  11. Эрүүл мэндийн салбарт 400-с дээш ажилтантай байгууллагын ҮЭ-ийн орон тооны сонгуульт ажилтнаар ажиллахдаа тухайн байгууллагад хагас орон тоогоор гэрээгээр ажиллаж, байгууллагын зарим чиг үүргийн ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг үнэлүүлж цалинжин 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд ажилтныг тус салбарт ажилласан жилээр тооцож, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын нэгэн адил хууль тогтоомжинд заагдсан нийгмийн баталгааны холбогдох заалтуудад хамруулна.
  12. Эрүүл мэндийн салбарын мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг баримталж удирдлагын хувийн үзэл бодол, улс төр, намын үзэл бодлоор ажлаас нь чөлөөлөхгүй байна.
  13. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн нэг өдрийн ажлын үргэлжлэх цагтай холбоотой хөдөлмөр зохион байгуулалтыг өөрчлөн боловсронгуй болгох талаар санал боловсруулж хамтран ажиллана.
  14. Ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, шудрага ёс, ил тод байдлыг хангах үүднээс ажил олгогч нь байгууллагын шийдвэр гаргах түвшинд үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын оролцоог хангах үүднээс Удирдлагын багийн бүрэлдэхүүнд оруулна.
  15. Төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллагуудыг хувьчлалаас хамгаалах бодлогыг талууд баримталж ажиллана.

ГУРАВ. ЦАЛИН ХӨЛСНИЙ ТАЛААР

  1. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажил олгогч нь ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, унаа хоолны зардал болон бусад нөхөн олговрын хэмжээг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Засгийн газрын тогтоол болон хамтын гэрээгээр зохицуулж, өмнөх хүрсэн түвшнээс бууруулахгүй ажиллана.
  2. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 467,4 мянган төгрөгөөр мөрдөнө. 2021 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин тогтооно.
  3. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг инфляцитай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бөгөөд хэлэлцээрийн хугацаанд үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллана.
  4. Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд мөн хуулийн 54.1 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 382 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох журам”-ын дагуу 3 дахь заалтын хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад “шөнийн цаг ажилласны нэмэгдэл” цалин олгох асуудлыг 2020 онд 1 цаг дутамд 1000 төгрөг 2021 онд 2000 төгрөгийг улсын төсөвт тусгаж шийдвэрлэнэ.
  5. 2018-2019 оны эрүүл мэндийн цалингийн ангилал, зэрэглэл шинэчлэгдэхэд хамрагдаагүй ажил мэргэжлүүдийн цалингийн ангилал зэрэглэлийг шинэчилж, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ХНХЯ-тай хамтран ажиллана.
  6. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар үр дүнгийн урамшууллыг 60 хувиар тооцон олгох эрх зүйн орчныг бий болгох асуудлыг санаачлан Засгийн газарт хэлэлцүүлнэ.
  7. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд “Ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийг хамтран боловсруулж, батлуулж, хэрэгжүүлнэ.
  8. Эрсдэлтэй, халдвартай нөхцөлд ажилладаг эмгэг судлал, нян судлалын лаборатори, зоонозын өвчин судлалын мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдэл хөлс олгох, төгсөлтийн дараах сургалтын асуудлыг судлан үе шаттай шийдвэрлэнэ.
  9. Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнуудынхаа үндсэн цалинг төрийн албан хаагчдын цалингийн өсөлттэй уялдуулан хамтын гэрээ хэлэлцээрээр нэмэгдүүлж шийдвэрлэнэ.
  10. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг буюу өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтэн, ажилтнуудад тодорхой урамшуулал олгох эрхзүйн орчинг бүрдүүлнэ. Урамшууллыг улирал тутам олгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлнэ.
  11. Ажил олгогч нь ажил мэргэжил хавсран, хослон, орлон ажилласны нэмэгдлийг ТҮЭМ-ийн байгууллагад хавсран, хослон, орлон ажилласан тохиолдолд тухайн албан тушаалын цалингийн 40 хүртэл хувиар бодож олгоно.
  12. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан чагнуур” шагналаар шагнагдсан эмчид 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг ажиллаж буй байгууллагаас нь олгоно.
  13. Ажил олгогч нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 46.5 заалтын хүрээнд батлагдсан Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр тушаал “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын хүрээнд ажилтанд нэмэгдэл хөлс, урамшуулал болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 40-өөс доошгүй хувийг бүрэн зарцуулна.
  14. Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж, бүрэн олгоно.
  15. .“Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлага”-аар явж ажилласан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл хөлс олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, журам батлуулж, мөрдүүлэн 2020 оны төсөвт тусгаж хэрэгжүүлнэ.
  16. Ажил олгогч нь эрүүл мэндийн салбар хариуцлагатай албан тушаал болох Тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нарт хариуцлагын нэмэгдлийг үндсэн цалингийн 10-аас доошгүй хувиар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй эд хариуцагч нарт үндсэн цалингийн 8-аас доошгүй хувийн нэмэгдэл хөлс олгох эрх зүйн орчныг бүрдүүлэн 2020 оны төсөвт тусган хэрэгжүүлнэ.

ДӨРӨВ. НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТАЛААР

  1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 29.5 дахь заалтуудыг одоо мөрдөж буй хүрсэн түвшнээс бууруулахгүй, ажилласан жилтэй уялдуулан бүрэн олгоно.
  2. Төрийн албаны тухай хуулийн 61.1.5 дахь заалтын хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамрагдах урт хугацааны ипотекийн зээлд хамруулах санхүүгийн эх үүсвэрийг энэ хэлэлцээрийн 3.13 дахь заалтыг баримтлан 2020-2021 онд хэрэгжүүлнэ.
  3. Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан “Энэрэнгүй үйлстэн” хотхонд орон сууц захиалганд хамрагдаж буй эрүүл мэндийн ажилтнуудад ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монгол банктай хамтран ажиллана.
  4. Эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилтнуудад зориулсан орон сууцны газрын асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллах, орон нутгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
  5. Эрүүл мэндийн салбарын ажлын онцлог байдал, ачааллыг харгалзан 100 хүртэл ажилтантай бол гэрээгээр, 100-аас дээш ажилтантай төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад орон тооны, хувийн хэвшлийн байгууллагад орон тооны эсхүл гэрээт сэтгэл зүйч ажиллуулах асуудлыг цалингийн сандаа багтаан шийдвэрлэнэ.
  6. Ажил олгогч нь ажлын бус цагаар шөнийн ээлжинд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтанд оройн хоол, өглөөний цайг байгууллагын зардлаар олгоно.
  7. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрүүл мэндийн ажилтанд “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29.2 дахь заалтанд тусгагдсан мөнгөн тэтгэмжийг авах эрх үүсээгүй 5 жилээс 24 жил 11 сарын хооронд ажилласан тохиолдолд ажилласан жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгоно. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
  8. Салбарын хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүй урлаг, спорт, уулзалт, өдөрлөг, зөвлөгөөн, арга хэмжээг жил бүр бие даан болон талууд хамтран зохион байгуулна.
  9. Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах талаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллана.
  10. Эрүүл мэндийн байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллуулах боломжийг судлан шийдвэрлэхийн төлөө ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллах, төрөөс хувьсах зардлыг авах замаар ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулна.
  11. Ажилтнуудад олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, урамшууллыг хамтын гэрээгээр зохицуулан олгоно.

ТАВ. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР

  1. Эрүүл мэндийн салбарын онцлог, ажлын ачааллыг судлан хөдөлмөрийн норм, нормативыг боловсруулах судалгааг хамтран хийж, үлгэрчилсэн загварыг баталж цаашид үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  2. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан амралт, сувилал байгуулах тухай салбарын ҮЭ-ийн саналыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана.
  3. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон иж бүрэн хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн норм стандартын үлгэрчилсэн загварыг нийтлэг мэргэжлүүдээр баталж, хангах асуудлыг шийдвэрлэнэ.
  4. Ажил олгогч нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангах болон ажлын цагийг богиносгох зохицуулалт хийнэ.
  5. Эрүүл мэндийн байгууллага бүр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг орон тоогоор болон гэрээгээр ажиллуулна.
  6. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өндөр үнэтэй шинжилгээнд хамрагдсан болон хүндээр өвчилсөн ажилтнуудад тодорхой нөхцөл байдлыг харгалзан ажиллаж буй байгууллага нь хөнгөлөлт үзүүлж байна.
  7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оноос эхлэн үе шаттайгаар 2 дахин төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг нэмэгдүүлнэ.
  8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдлийн үнэлгээ хийх үлгэрчилсэн загвартай болох, мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авч ажиллуулахад хөрөнгө гаргаж хамтарч ажиллана.
  9. Бүх шатны эрүүл мэндийн байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг ажлын байранд тасралтгүй зохион байгуулж, ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллана.
  10. Эмч ажилтнуудыг аливаа халдлага, дайралт, гүтгэлэг зэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүйн орчныг бий болгож, үйлчлүүлэгчдийн хариуцлагын тогтолцоог сайжруулна.
  11. Үйлдвэрлэлийн осол гаргаагүй болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг үлгэр жишээ зохион байгуулсан, ажиллагсдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгааг сайжруулсан, ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг байгууллагын ажил олгогчийг урамшуулна.
  12. Зайлшгүй шаардлагатай эмч, мэргэжилтнүүдийг хариуцлагын даатгал (Эрсдлийн даатгал)-д хамруулах хуулийн төслийг Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана.

ЗУРГАА.ХАМТЫН АЖИЛЛАГАА, МЭРГЭЖИЛ, МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

  1. Хөдөлмөрийн харилцаа, эрүүл мэндийн болон холбогдох хууль эрх зүйн асуудлаар сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнийг хамтран болон дангаар зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтэнд багц цаг олгоно.
  2. Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөлд салбарын ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны төлөөллийг оруулна.
  3. Эрүүл мэндийн салбарын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон хууль эрх зүйн гарын авлага бэлтгэн гаргаж өмчийн хэлбэр харгалзахгүй түгээнэ.
  4. Эрүүл мэндийн салбарын холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулахад Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны саналыг албан ёсоор бичгээр хүргүүлэн авч, тусгана.
  5. Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах талаар талууд нэгдмэл байр суурьтай хамтран ажиллана.
  6. Эрүүл мэндийн яам нь салбарын байгууллагуудын дэлгэрэнгүй төсөв, гүйцэтгэл, бусад холбогдох мэдээллийн ил тод байдлыг ханган хамтран ажиллана.
  7. Тухайн байгууллага нь төсвийн хуваарилалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналт тавихад бүх шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоог хангаж, мэдээлэл солилцоно.
  8. Энэхүү хэлэлцээрийн үр дүн, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн түншлэлийг хөгжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаалыг шинэчлэн батална.
  9. Хэлэлцээрт оролцогч талууд хөдөлмөр, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар гадаад орны туршлагаас судлах ажлыг хэлэлцээрийн хугацаанд зохион байгуулж, түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлнэ.
  10. Эрүүл мэндийн байгууллага болон байгууллагын дарга нарын ажлыг дүгнэх үзүүлэлтэд ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон хамтын гэрээний биелэлт зэргийг оруулж дүгнэнэ.
  11. Эрүүл мэндийн ажилтны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өргөх талаар хамтран ажиллаж, эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн арга хэмжээ, “Алтан чагнуур” ёслолын ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, Ажил олгогчийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулна.
  12. Эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа зөрчлийг нийгэмд зөв замаар хүргэх зорилгоор туршлагатай олон нийттэй харилцах мэргэжилтнийг ажиллуулж, салбарын нэр хүндийг өргөх, хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулна.
  13. Эрүүл мэндийн салбарт тэргүүлэх чиглэлүүдээр АУ-ны орчин үеийн өндөр технологи бүхий ололт амжилтыг нутагшуулах, зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өмчийн хэлбэр харгалзахгүй хамруулж, эмч, мэргэжилтнүүдэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлнэ. (Хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн зардлаар)
  14. Орчин үеийн анагаах ухааны өндөр технологи нэвтрүүлсэн хувийн хэвшлийн ЭМБ-ийг жил бүр шалгаруулах үйл ажиллагаанд ЭМЯ нь МХХЭМБНХ-той хамтран ажиллаж, шалгарсан байгууллагад төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлж, бодит дэмжлэгийг үзүүлнэ.
  15. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар Аймгийн эрүүл мэндийн газрууд тухайн аймгийн ҮЭ-ийн холбоо, МХХЭМБНХ-ны салбар зөвлөлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, МХХЭМБНХ-той хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлнэ.

ДОЛОО. ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МӨРДӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР

  1. Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гары нүсэг зурсны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж, бүртгүүлсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. Хамтын хэлэлцээрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд жил бүр хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.
  3. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмын дагуу шийдвэрлэнэ.
  4. Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэнд талууд хамтран хяналт тавьж ажиллана. Хэлэлцээрийн биелэлтийг хамтарсан ажлын хэсэг гарган бүтэн жилээр дүгнэж, нийтэд мэдээлнэ.
  5. Цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой энэхүү хэлэлцээрээр тогтоосон доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тухайн байгууллага хамтын гэрээгээрээ зохицуулна.
  6. Салбарын ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал болон салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалд талууд хамтарсан удирдамжийн дагуу үзлэг, шалгалт явуулна.
  7. Энэхүү хэлэлцээр нь дараагийн хэлэлцээр байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
  8. Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, шинэчлэгдэх нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид нь хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН ТАЛУУД:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМЫГ ТӨЛӨӨЛЖ:

Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар
Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг
ЭЗСХ-ийн дарга Д.Нарантуяа
ХХ-ийн мэргэжилтэн Ш.Мөнгөнцэцэг
БТГ-ын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа
БТГ-ын ахлах мэргэжилтэн О.Батбаяр
ТЗУГ-ын мэргэжилтэн Д.Баярмаа
ЭҮТГ-ын мэргэжилтэн Х.Өлзий-Орших
НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Уранцэцэг

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ:

МЭМАҮЭХ-ны дэд дарга Ч.Нарантуяа
ЧЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Х.Ариунаа
УГТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Ш.Өнөржаргал
ЭСҮТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, лаборант Г.Энхжаргал
УНТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Л.Энхсайхан
СЭМҮТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Ө.Анхболд
БГД ЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, сувилагч Ч.Оюунбилэг
НӨЭМТ-ийн ажилчдын ҮЭХ-ны дарга, их эмч Ч.Өнөрсайхан
ГССҮТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч С.Норжмаа

АЖИЛ ОЛГОГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

МХХЭМБНХ-ны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Зоригоо
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Гансүх
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Пүрэвсүрэн
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Цэнгэлсайхан
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Хишгээ
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Золбоот
МХХЭМБНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэчимэг