МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тус холбоо нь 1924 онд байгуулагдаж 1936 оноос Соёл боловсролын ҮЭ–тэй нэгдэж 1990 оны 5-р сар хүртэл Монголын боловсрол, соёл , шинжлэх ухаан эрүүлийг хамгаалахын ажилтны ҮЭ-ийн төв хороо гэсэн нэртэйгээр ажиллаж ирэв.
Ажил мэргэжлийн олон салбарын ажиллагсдыг нэг ҮЭ-ийн холбоонд нэгтгэж байсан нь тэдний ажил сонирхолд нийцсэн үйл ажиллагааг явуулахад бэрхшээл хүндрэл нилээд байсан юм. Ийм учраас ҮЭ-ийн анхан шатны байгууллага гишүүдийнхээ саналыг үндэслэн дээр дурдсан ҮЭ-ийн төв хорооны ээлжит бус бага хурал 1990 оны 5-р сард хуралдаж Эрүүл мэндийн ажилтны ҮЭ - ийн холбоог бие даасан холбоо болгосон юм.
Манай холбоонд улсын хэмжээний эмнэлэг, урьдчилан сэргийлэх болон рашаан сувилал, эм хангамжийн байгууллагад ажилладаг ҮЭ-ийн гишүүд нэгддэг.
1990-1992 онд холбооны даргаар Л.Одончимэд, 1992-2009 онд П.Гантөмөр, 2009 оны 1 дүгээр сарын 23-нд болсон холбооны ээлжилт бус VII дугаар бага хурлаар Б.Мягмар сонгогдон ажиллаж байгаа ба холбооны нарийн бичгийн даргаар 1990-1992 онд П.Гантөмөр, 1992-2009 онд Ч.Чойж нар тус тус олон жил үр бүтээлтэй ажиллажээ.
Тус холбооны одоогийн тэргүүлэгчээр Б.Мягмар, Ч.Нарантуяа, Б.Үйлст, Б.Энхсайхан, С.Отгончимэг, Б.Батболд, Г.Эрдэнэтуяа нар тус тус ажиллаж байна.
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага, МҮЭ-үүдийн холбооны гишүүн байгууллага юм. Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага нь 1907 онд байгуулагдсан. Эдүгээ 154 орны 640 гишүүн байгууллагыг төлөөлсөн 20 сая гишүүнтэй . Ази Номхон Далайн Бүсийн байгууллага нь Сингапурт, зүүн азийн дэд бүсийн байгууллага нь Японд байрладаг.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль , ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, манай улсын нэгдэн орсон конвенц, гэрээнд заасан хэм хэмжээ АНДББ-аас гишүүн орнуудын үйлдвэрчний эвлэлүүдээс ойрын ирээдүйд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулж эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалахад үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна.
МҮЭ-үүдийн нийтлэг дүрэм , өөрийн холбооны дүрмийн дагуу улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнөөс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулж Засгийн газар , Эздийн байгууллагатай гурван талт зөвшлийн үндсэн дээр нягт хамтран ажиллаж, Эрүүл мэндийн яамтай хамтын хэлэлцээр хийж эмч, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Монгол улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу манай холбоо Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны бүрэлдхүүнд орж сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байна.
|