
1999 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Дугаар 46 Улаанбаатар хот
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
-
"Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогом-ыг хавсралтаар баталсугай.
-
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ, түүнд шаардагдах зардлын хөрөнгийн эх сурвалжийг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Монгол Улсын Их Хурлын
1999 оны 46 дугаар тогтоолын
хавсралт
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ
ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО
Нэг.Нийтлэг үндэслэл
-
Монголын уламжлалт анагаах ухаан нь монгол хүний бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн онцлог, нүүдэлчдийн ахуй нөхцөл, ёс заншилтай зохицсон, өөрийн өвөрмөц төрхтэй, бие даасан эрдэм мэдлэг, оюуны соёлын нандин өв мөн.
-
Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгэрүүлэх, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд өргөн ашиглах зарчимд үндэслэн хөгжүүлнэ.
-
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тус улсад шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх цогц арга хэмжээний хүрээнд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусах замаар хэрэгжинэ.
-
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь тухайн чиглэлээр 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны тулгуур баримт бичиг мөн.
Хоёр. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн чиглэл
-
Монгол Улсын төрийн захиргааны болон эрүүл мэндийн төв, орон нутгийн байгууллагууд монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлогыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
-
Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны бусад салбарын хөгжилтэй уялдуулан зохицуулж, төрөөс хийх хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэхийг бүх талаар дэмжинэ.
-
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн бүтцэд монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын асуудал эрхэлсэн нэгжтэй байж, орон нутаг дахь бүтцийг эрүүл мэндийн байгууллагын харьяанд оновчтой зохион байгуулж, улсын хэмжээний нэгдсэн сүлжээнд оруулна.
-
Монголын уламжлалт анагаах ухааны салбарт ажиллах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.
-
Сум, дүүргийн болон ерөнхий мэргэжлийн тусламжийн түвшинд хэрэглэх монголын уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга, дэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-
Монголын уламжлалт анагаах ухааны өв сан, ном судар, эд зүйлийг цуглуулах, хамгаалах, судлах, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, байнга баяжуулж ашиглана.
-
Орчин үеийн анагаах ухаанд шийдэхэд түвэгтэй байгаа зарим өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны шинэ арга бий болгох ажлыг хөхүүлэн дэмжинэ.
-
Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааг төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой нягт уялдуулан явуулна.
-
Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан байгалийн гаралтай түүхий эд ашиглаж аюулгүй, өндөр идэвх чанартай шинэ эм, биобэлдмэл, хүн амын хүнс тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхийг хөхүүлэн дэмжинэ.
-
Монгол орны эмийн ургамал, амьтны болон эрдсийн гаралтай эмчилгээний чанартай түүхий эдийн тархац, нөөцийг судлан экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйгээр ашиглана.
-
Эмийн ургамлыг тарималжуулах, зэрлэг амьтдыг гаршуулах замаар уламжлалт эмнэлгийн гадаадаас авдаг түүхий эдийг орлох дотоодын түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж хэрэгцээгээ хангана.
-
Ховордсон эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эд /бугын эвэр, бөхөнгийн эвэр, хүдрийн заар, бугын чив, баавгайн цөс зэрэг/-ийг эцсийн бүтээгдэхүүн болголгүйгээр экспортлохыг хориглох асуудлыг дэс дараатай шийдвэрлэнэ.
-
Уламжлалт эмнэлгийн эмийн үйлдвэрлэлийн технологийн нөхцөлийг эмийн үйлдвэрлэл, хяналтын олон улсын үлгэрчилсэн дүрмийн шаардлагатай нийцүүлэн хяналтын шинэ аргачлал бий болгож, эмийг стандартчилж, экспортлох бодлогыг дэмжинэ.
-
Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээлтийн болон урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга, эм, эмийн бэлдмэлийг оюуны өмчийн хамгаалалтад авч дэлхийн түвшинд сурталчлах ажлыг зохион байгуулна.
-
Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, эмчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөж, энэ талаархи үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжинэ.
|
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|