МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ
2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь 2019 оныг “Шударга үнэлэмж, орлогын тэгш хуваарилалтын төлөө”  жил болгон зарлаж бодлогын 3 зорилтын хүрээнд нийт 60 төрлийн ажил төлөвлөн ажилласнаас 94 хувийн биелэлттэй байна. Ажлын тайлан:

Нэг. “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагааг үндэсний түвшинд тэргүүлэн ажиллаж, бүх шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулна.” зорилтын хүрээнд:

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2019 онд хийх ажлын төлөвлөгөө, төсөв, бусад шаардлагатай материалыг гарын авлага болгон хэвлэж, салбарын ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн VII хурлыг 2019.01.11-нд хийж өмнөх онд хийсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тавьж хэлэлцүүлэн дүгнэж, 2019 оны зорилго, зорилтоо тодорхойлж ажиллалаа. Тус хурлаар бодлогын 6, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн хурлаас гарах тогтоол шийдвэрүүдээ хэлэлцэн баталлаа.          

ҮЭ-ийн хороодод үйл ажиллагааны чиглэлээр заавар, зөвлөгөө өгч гарын шаардлагатай авлага, материалаар тогтмол хангаж, шинээр сонгогдсон ҮЭ-ийн хороодын дарга нарыг чадавхижуулах сургалтанд хамруулав. 

МҮЭ-ийн холбооны их хурал, салбарын ҮЭ-ийн холбооны бага хурлын бодлого шийдвэр болон бодлогын баримт бичигт тусгасан 3 үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.  Тус ҮЭ-ийн холбоо нь 2019 оны 12 сарын 20-ны байдлаар нийт 50 албан бичиг ирж, 176 албан бичиг, албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж явуулж, санхүүгийн тайлангаа МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлд хүргүүлж, тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр 53-ыг гаргасан байна. Мөн салбарын ҮЭ-ийн холбоонд ирсэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороод, гишүүдээс амаар болон бичгээр гаргасан 95 санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч цаг тухайд нь зөвлөгөө өгөн түргэн шуурхай шийдвэрлэж, холбогдох хууль эрх зүйн зааварчлага өгч ажиллав.

 ҮЭ-ийн хороодын идэвхтэн сонгуультнууд гишүүддээ  МЭМАҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 134, “Хүндэт өргөмжлөл”-өөр 72, “Хүндэт жуух”-аар 139 ҮЭ-ийн гишүүн, идэвхтэн сонгуультнуудыг тус тус шагнаж, урамшууллаа.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь салбарын ажилтнуудын 88,6 хувийг эгнээндээ нэгтгэдэг салбарын ҮЭ-ийн холбоо 2019 онд шинээр 1107 хүнийг ҮЭ-ийн гишүүнээр элсүүлж, өмнөх оны 11410 гишүүнээс 409 гишүүнээр эгнээгээ өргөжүүлэн нийт 11819 гишүүдтэй болсон байна.

Хүний нөөцийн бодлого, эв нэгдэл, хамтын ажлын өргөжүүлэн  хөгжүүлэх бодлогын хүрээнд иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж 3 дугаар сарын 01-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ЭМЯ-ны санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар,тэргүүлэгчид, зарим анхан шатны хороодын идэвхтэн сонгуультнууд оролцлоо. Энэхүү “Сургалт, судалгааны төв” нь  хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий  л сэдвээр, гадаад хэлний сургалт сургалт зохион байгуулахын зэрэгцээ чанарын судалгаа хийх, сургагч багш нарыг  бэлтгэх юм. Мөн хамтын ажиллагааны хүрээнд бүх шатны ҮЭ-үүдтэй харилцан туршлага солилцож хамтран ажиллах, цаашид 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын телемедицин сүлжээнд холбогдож, эрүүл мэндийн салбарынханд алсын зайн онлайн сургалт, судлаачдын баг бүрдүүлэх, хурал, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн  хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэж, хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 9 дэх жилдээ зохион байгууллаа.  Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 11 төрөлд Шилдэг эмчийг тодруулахаар тогтож “АЛТАН ЧАГНУУР” шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж нарийн мэргэжлийн төрлөөр 11 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодрууллаа.

"ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт нягтлан бодогч нарын сургалт зохион байгууллаа. Сургалтаар "МЭМАҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт, зохистой хөдөлмөр", "ХХОАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал", "ҮЭ-ийн хороодын 2018 оны ажлыг дүгнэх зөвлөн туслах үзлэгээр гарсан нийтлэг зөрчил, дутагдал, анхаарах асуудал", "ҮЭ-ийн хороодын санхүүгийн анхан шатны баримтыг хэрхэн бүрдүүлэх тухай үзүүлэх дадлага сургалт" сэдвүүдээр хичээл зааж, анхаарах асуудлуудыг онцлон зөвлөж, дадлага ажиллаж, хичээл бүрт сонирхсон асуултандаа хариулт авсан үр дүнтэй сургалт боллоо. 

Салбарын ҮЭ-ийн холбооны бодлогоор багш арга зүйч бэлтгэх ажлыг АШУҮИС-ийн дэргэдэх “Харилцааны ур чадварын институт”-тай хамтран зохион байгуулж Амьдралд суурилж суралцахуй тутор сургалт буюу PBL сургалт "Орчин үеийн сургагч-багш" бэлтгэх сургалтыг салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын төлөөлөл хот хөдөөгийн 30 гаруй хүнийг  2,5 сарын хугацаанд сургаж ТУТОР(Орчин үеийн сургагч-багш)-ын үнэмлэх олголоо. Эдгээр бэлтгэгдсэн багш нар цаашид МЕНТОР-ын сургалтанд суралцах эрх нээгдэх төдийгүй судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Түүнчлэн салбарын ҮЭ-ийн холбоо нь зөвхөн хөдөлмөрлөх эрх, үнэлэмж, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар ажиллах биш Эрүүл мэндийн салбарын хөгжил, мэргэжлийн ур чадвар, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэлд анхаарч АШУҮИС-ийн "Эрдмийн чуулган-61"-д МЭМАҮЭ-ийн холбооны удирдлагууд болон Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, Нийслэлийн өрхийн ЭМТ-үүдийн ҮЭ-ийн хороод чанарын судалгаа хийж, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой "Үзлэгийн цаг товлох талаарх мэдлэг", "Ээлжийн сувилагчийн хооллолт", "Эсийн шинжилгээнд эмч, сувилагч нарын хамрагдалт", "Эмчийн дүр төрх", "Эрүүл мэндийн даатгалыг эрүүл мэндээ хадгалж хамгаалахад ашиглах боломж" зэрэг 5 сэдвээр чанарын судалгаагаар оролцсон төдийгүй цаашид судлаачдын баг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Ажлын төлөвлөгөөний дагуу анхан шатны ҮЭ-ийн хороодын Хяналтын зөвлөлийн дарга, сонгуультнуудад зориулсан "Хяналтын зөвлөлийн сонгуультнуудын чадавхи бэхжүүлэх, туршлага солилцох сургалт-семинар"-ыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус сургалт семинарын нээлтэнд МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга М.Ганхүрэл, МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Н.Отгон, гишүүн Д.Дэлгэрмаа, А.Дугармаа, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах нар оролцлоо. 

"МҮЭХ-ны Хяналтын хорооны үйл ажиллагаа, цаашдын зорилт"-ын талаар МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга М.Ганхүрэл, "Орчин үеийн ҮЭ-ийн чиг хандлага ба зохистой хөдөлмөр эрхлэлт, салбарын холбооны бодлого" сэдвээр МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, "МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны 2018 оны Зөвлөн туслах үзлэгийн дүн, Хяналтын зөвлөлийн ажиллах журам"-ын талаар МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Н.Отгон, "ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавихад анхаарах асуудал" сэдвээр МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүн Д.Дэлгэрмаа нар илтгэл тавьж , санхүүгийн болон хяналт тавих үйл ажиллагааны чиглэлээр дэлгэрнгүй мэдээлэл өгөв.

Энэ үеэр ҮЭ-ийн хорооны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанаас туршлага судлуулах зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч эмч,ҮЭ-ийн хорооны Хяналтын зөвлөлийн дарга Ш.Агиймаа, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны Хяналтын зөвлөлийн дарга, их эмч Ч.Цэрэннадмид нар 2018 онд Хяналтын зөвлөлөөс хийсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийж туршлага солилцлоо. Мөн ҮЭ-ийн хороодын Хяналтын зөвлөлийн дарга нар 2019 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө боловсруулан ажиллалаа.

Салбарын ҮЭ-ийн холбооны оны шилдгүүдийг тодруулахад оны ажил үйлсээрээ манлайлан шалгарсан Шилдгийн шилдэг ҮЭ-ийн хороогоор Л.Цэвэлмаа даргатай Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хороо, Шилдэг ҮЭ-ийн хороогоор Ш.Өнөржаргал даргатай Улсын гуравдугаар төв эмнэлгийн ҮЭ-ийн хороо, Х.Умдарь даргатай Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хороо, “Шилдэг орон нутгийн ҮЭ-ийн хороо”-гоор Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хороо, “Шилдэг эмэгтэй лидер”-ээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Л.Роломжав, Эмгэг судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Энхжаргал, “Шилдэг залуу лидер”-ээр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Ө. Анхболд, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Б.Баттөгс, “Шилдэг сонгуультан”-аар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Э.Алтнаа, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга А.Бямбацэцэг, Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Өнөрсайхан, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны Хяналтын зөвлөлийн дарга Ч.Цэрэннадмид, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түдэвванчиг,  “Шилдэг нягтлан бодогч”-оор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч Д.Дэлгэрмаа, “Шилдэг дэмжигч”-ээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, “Энх-Арслан” ХХК-ийн захирал Ч.Энхтамир тус тус шалгарч шагнагдсан.

Тус салбарын ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооноос санаачлан салбарын ҮЭ-ийн гишүүд, дэмжигчдийн   гоо зүйн  мэдрэмж таашаалыг нэмэгдүүлэх, бүтээлч санаачлага идэвхийг урамшуулан дэмжих, туршлага солилцох, сурталчлан таниулах, тэдний бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор салбарын нийт ажилтнуудын дунд    “Гар урлал-Миний хобби” уралдааныг зохион байгуулж, тус уралдаанд 20 гаруй байгууллагын эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, мужаан, техникч, нярав, зөөгч, лаборант, сэтгэл зүйч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн урлаж хийсэн 300 орчим бүтээл хатгамал, эсгий урлал, модон эдлэл, шүрэн урлал, оёмол, даалин, нэхмэл, наамал, уран зураг зэрэг бүтээлийн төрлүүдээр оролцсоныг мэргэжлийн байгууллагын шүүгч оролцуулан шүүж  авьяас чадварыг үнэлэн тэргүүн байруудыг тодрууллаа. Үүнд: 1-р байр Д.Жанчив /Хүүхдийн төв сувилал/, 

2-р байр Ц.Энхтүвшин /Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг/Б.Элена /Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв/, 3-р байр Л.Цэцэглэн /Улсын нэгдүгээр төв эмнэлэг/, Н.Шүрэнцэцэг /Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв/, Л.Оюунбилэг /Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг/, тусгай байр Н.Түмэндэлгэр /"Өргөө" амаржих газар/ Г.Нарангэрэл /Багануур дүүргийн эрүүл мэндийн төв/, М.Адъяасүрэн /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/ нар тус тус шалгарч, "ӨРГӨМЖЛӨЛ" мөнгөн шагналаар шагнагдлаа.

Салбарын ҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хорооны хурлыг энэ оны 11 дүгээр сахрд зохион байгууллаа. Тус хуралд салбарын холбооны дэд дарга Ч.Нарантуяа оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Хурлаар Залуучуудын хорооноос зохион байгуулсан мэдээллийг танилцуулж, цаашид хийх үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойллоо. Мөн Залуучуудын хорооны удирдах зөвлөлийн гишүүдийг нөхөн сонголоо.

Залуучуудын хурлаас гарсан саналыг үндэслэн анхан шатны ҮЭ-ийн хороодын залуучуудын хэсгийн ахлагч нарын ҮЭ-ийн талаарх мэдлэгийг бататгах, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ҮЭ-ийн мэдлэгийн үндэс" сургалтыг 12 дугаар сард зохион байгууллаа. Сургалтанд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт”, дэд дарга Ч.Нарантуяа "ҮЭ-ийн тухай ойлголт, тулгамдаж буй асуудал", Залуучуудын хорооны дарга Н.Мөнхбат "ҮЭ-д залуучуудын оролцоо яагаад хэрэгтэй вэ?", МҮЭийн холбооны хуульч, өмгөөлөгч Ш.Самал "Хөдөлмөрийн гэрээ, анхаарах асуудал" сэдвээр тус тус илтгэл тавьж, залуучууд багаар ажиллан өөрсдийн өмнө тулгамдсан асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон мэдлэгээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болсон. 

ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд нягтлан бодогч нарын үүрэг оролцоо ихээхэн чухал бөгөөд ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт нягтлан бодогч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. 

Мөн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудынхаа мэдлэгийг дээшлүүлэх,  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Үйлдвэрчний эвлэлүүд шилжилтийн үед” сэдэвт сургалт, туршлага солилцох уулзалт семинарыг Дорноговь аймагт зохион байгууллаа. Сургалтаар дэлхийн 26 орны үйлдвэрчний эвлэлийн байгууллага хэрэгжүүлж хүчтэй ҮЭ болсон туршлага дээр үндэслэж, онол дадлага хосолсон байдлаар хийв. Тус сургалтанд салбарын ҮЭ-ийн холбоо болон Дорноговь аймгийн Эрүүл мэндийн салбарын 60 гаруй ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд хамрагдсан болно. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын ҮЭ-ийн холбоо болон хотын төв эмнэлэгтэй туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо. Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Шинээр сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарыг мэргэшүүлэх, ҮЭ-ийн ажлын арга барилд сурган чадавхжуулах зорилгоор хоёр өдрийн "Хөдөлмөрийн эрх зүй ба ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдэвт 2 өдрийн сургалтыг онол дадлага хослосон байдлаар хийлээ. 

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны захиалга хүсэлтээр "Хөдөлмөрийн эрх зүй" сэдвээр, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Геронтологийн үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны гишүүд, ажилтнуудад "Эмнэлгийн мэргэжилтний хандлага, харилцааны ур чадвар", “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцааны ур чадвар” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд "Хандлагын мөн чанар" сэдвээр АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч,АУ-ы доктор, профессор С.Наранчимэг, "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага" сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, “Эмнэлгээр үйлчлүүлэгчдийг сонсох чадвар” сэдвээр АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн харилцааны ур чадварын тэнхимийн багш, АУ-ы доктор Д.Баярмаа, “Стресс менежментийн тухай ойлголт” сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл заслын багийн ахлагч, докторант Э.Мөнх нар хичээл заалаа. 

“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө ба 2020 оны төсөв”-т нэгдсэн санал тусгах зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбоо, Монголын сувилахуйн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. Тус уулзалт, хэлэлцүүлэгт орон нутгийн болон нийслэлийн 70 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үйл явц “, “Салбарын удирдлага, засаглал, ил тод байдал ба хүний нөөц “ сэдвээр  АХБ-ны Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах төслийн багийн дэд ахлагч А.Болд, “Эрүүл мэндийн санхүүжилт” сэдвээр АХБ-ны Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах төслийн зөвлөх, Эрүүл мэндийн эдийн засагч Ц.Нацагдорж нар илтгэл тавьж оролцогчдын гаргасан санал болон сонирхсон асуултанд нэмэлтээр мэдээлэл хийлээ. хариулжТөрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн “Салбарын удирдлага, засаглал, ил тод байдал”, “Хүний нөөц”, “Эрүүл мэндийн санхүүжилт”  зэрэг 3 хэсгийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар АХБ-ны зөвлөхүүдээр илтгэл мэдээлэл хийлгэн оролцогчдоор хэлэлцүүлж гарсан саналуудыг нэгтгэн ЭМЯ-нд хүргүүллээ.

МЭМАҮЭ-ийн холбооны ажлын төлөвлөгөөний дагуу  2018 оны ажил үйлсээрээ шалгарч шилдгээр тодорсон Г.Цэвэлмаа даргатай Сонгинохайрхан дүүрийг Эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хороо, Ш.Өнөржаргал даргатай Улсын гуравдугаар төв эмнэлгийн ҮЭ-ийн хороодын ажлын туршлага, мөн оны шилдэг сонгуультан Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хорооны дарга Х.Ариунаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Ө.Анхболд, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Л.Роломжав нарын ажлын онцлох арга туршлагаас сонсохын зэрэгцээ Улсын гуравдугаар төв эмнэлгийн зарим тасаг нэгжээр орж үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ ҮЭ-ийн хорооноос засварлаж тохижуулсан “Ажилчдын алжаал тайлах төв”-ийн ажилтай танилцаж, ажилтнууддаа хэрхэн үйлчилгээ үзүүлж буй арга туршлагыг судлав. 

Салбарын ҮЭ-ийн холбооноос Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлыг цаашид үе шаттай шийдвэрлэх талаар харилцан ярилцаж эмч, ажилтнуудын цалин хөлс буурах магадлалтай байгаа асуудлаар төвийн удирдлагууд болон ЭМЯ-ны холбогдох хүмүүсийг байлцуулан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөхөөс сэргийлэн ажиллаж чадлаа.

 “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”, “МҮЭ-үүдийн өдөр”, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд болон “Монголын эмч нарын VI их хурал”-ыг угтан “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг улсын, салбарын, мэргэжлийн байгууллагын хэмжээнд салбарын эмч, мэргэжилтэн, багш, судлаач, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудын бүтээж туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх,  харилцан туршлага хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор зохион байгулагдаж 100 гаруй хүн хамрагдсан.

Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, доктор профессор С.Наранчимэг, ХНХДС-ийн багш доктор профессор Ж.Дашхүү, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга, докторант Б.Мягмар нар ажиллав. 

Тус хуралд нийт 30 гаруй хүн эрмийн бүтээлээ ирүүлснээс 1-р байранд  Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Д.Цэвээнжав нарын “Эмч, сувилагч нарын сэтгэл гутрал,сэтгэл түгшилтийг  үнэлсэн ажлын дүн”, 2-р байранд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Г.Намуунцэцэг нарын “Шөнийн ээлжийн ажилтнуудын биеийн жингийн илүүдэл, нойрны эмгэг, хоолны дуршлын эмгэг болон стрессийн түвшингийн хамаарлыг  илрүүлэх нь”, 3-р байранд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн  Б.Одончимэг нарын “Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдад хийгдсэн Гепатит В вирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтцыг судалсан дүн” сэдэвт бүтээлүүд, тусгай байранд Хүрээ амаржих газрын эх баригч бага эмч С.Оюуны “Хүрээ амаржих газрын эмч, ажиллагсдын эрүүл мэндийн байдал болон  хөдөлмөрийн чадвар түр алдалтанд хийсэн судалгаа”, Баянбэгир өрхийн ЭМТ-ийн эмч Б.Оюун-Эрдэнийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажлын ачааллыг судлах нь”, Баянгол дүүргийн ЭМТ-ийн Ч.Оюунбилэг нарын “Сувилагчийн ажлын тайланд гардан үйлдлийн ажилбарыг тэмдэглэсэн байдал”, Ханын постер илтгэлээр: Л.Ундармаа “УНТЭ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалтын байдлыг судалсан нь”, Г.Ариунзул нарын “Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлаас халшрах хам шинжийг стерссийн түвшинтэй харьцуулан судлах нь”,  Б.Золзаяа нарын “Эрүүл мэндийн ажилтнуудын стрессийн түвшинг ажиллах нөхцөлтэй холбон судалсан нь” сэдэвт бүтээлүүд  шалгарч шагнагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд зориулж судлаачдын бүтээлээр ном эмхтгэн гаргасан.

МҮЭ-ийн холбооны төв хэвлэл “Хөдөлмөр” сонинд ҮЭ-ийн холбоо, хороодын үйл ажиллагаа, зохион байгуулсан ажлаа тогтмол гаргаж ажиллахын зэрэгцээ тус сонинг анхан шатны ҮЭ-ийн хороодуудаар захиалуулан гишүүдэд ҮЭ-ийн бодлого, үйл ажиллагааг сурталчлан мэдээллийг тогтмол түгээж байна. Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод зохион байгуулж буй сургалтууд болон хороодын гаргасан хүсэлтийн дагуу ҮЭ-ийн гишүүд болон нийт ажилтнуудад МҮЭ-ийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл, яриа таниулга хийн ҮЭ-ийн давуу талыг ойлгуулан сурталчлах ажлыг энэ оны турш зохион байгуулан хийлээ. 

Салбарын холбооны www.metuf.mn вэб сайт, facebook зэрэг цахим мэдээллийг тогтмол шинэчилж,  хандалтын тоо тасралтгүй нэмэгдэж, цаашид улам сайжруулах зорилготой ажиллаж байна.

Монгол, Солонгосын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод сүүлийн найман жил хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажлын хүрээнд Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Na, Sun Ja тэргүүтэй тус улсын орон нутгийн Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн  энэ оны 10 дугаар сард айлчилж талаас харилцан зөвшилцсөн хөтөлбөр ёсоор  ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааны талаарх илтгэл мэдээлэл хийж, харилцан туршлага солилцов.  Энэ үеэр Солонгосын Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”, “Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв”-ийн ҮЭ-ийн хороо зэрэг ҮЭ-ийн хороод, анхан шатны ҮЭ-үүдийн үйл ажиллагаа, ажлын арга барилтай танилцсан юм. 

Айлчлалын төгсгөлд хоёр орны эрүүл мэндийн салбарын ҮЭ-үүдийн холбоодод эвлэлдэн нэгдсэн гишүүдийн хөдөлмөрлөх нөхцөл, тэдний амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, харилцан туршлага солилцох ажлыг өргөжүүлж, тэдний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах замаар олон улсын үйлдвэрчний хөдөлгөөний эв нэгдлийг бататгахын төлөө харилцаа холбоогоо улам бүр бататган хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж хэрэгжүүлэхээр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Солонгосын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилтны ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Na, Sun Ja нар гарын үзэг зурав. Уг гэрээнд жил бүр 12 хүртэлх хүнийг туршлага солилцох сургалт, уулзалтанд хамруулах, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх зэрэг эрх зүйн ажлаар дэвшилттэй амжилтаас суралцах, эмч, сувилагч, бусад ажилтнуудыг хөдөлмөрлөх эрх болон мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамруулах, салбарын ажилтнуудад зориулсан сувиллын бүтээн байгуулалт зэрэг олон ажлаар  хамтран ажиллахаар тохиролцсон.

Тус ҮЭ-ийн холбоо нь татвараас бусад орлого төвлөрддөггүй, өрөө түрээслэж орлого олдоггүй бөгөөд нийгмийн хариуцлагыг биелүүлэх үүднээс татвар, нийгмийн даатгалын тайланг гаргаж, заасан хугацаанд нь тогтмол өгч, баланс тайланг гаргаж тайланг цаг хугацаанд гарган баталгаажуулж, санхүүгийн аудит хийлгэж, зөрчил дутагдалгүй ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарт эмч, ажилчдын хоол хийдэг тогооч, технологич нарын мэргэжлийн болон хууль эрх зүйн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, зорилгоор “Ажлын байранд эрүүл, аюулгүй хоолоор хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Д.Ням-Осор  “Хоол хүнс ба эрүүл мэнд”, “Зохистой хооллолтын үндэс, АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Н.Туул “Хүнсний бүтээгдэхүүний шошго, түүний ач холбогдол”, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгдсэн гал тогооны ахлах тогооч, МУ-ын зөвлөх инженер, мастер тогооч Л.Баярмаа “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрх зүйн орчин” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл хийж оролцогчдын сонирхсон асуултанд хариулж мэдлэг олгов. Мөн  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгдсэн гал тогооны үйл ажиллагаатай танилцаж жижүүрт хонож буй ажилчдад оройн хоол, өглөөний цай өгдөг арга туршлагаас суралцлаа.Эрүүл мэндийн салбарын тогооч, технологич 50 гаруй хүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүллээ.

Хоёр. “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын хэмжээнд хамт(тариф)-ын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн тогтолцоонд шинэчлэл хийх замаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулна.” зорилтын хүрээнд:

Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан заалтын хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд: УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрч яваа олон мянган сувилагчдыг удирдан чиглүүлж, ахлан ажилладаг ахлах сувилагч нарын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар сувилагч тусгай мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлыг нь сонсож, авах арга хэмжээний талаар харилцан ярилцлаа. Мөн энэ үеэр салбарын ҮЭ-ийн холбооны цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа. 

Мөн салбарын ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын төсөвт зайлшгүй тусгах асуудлуудаар УИХ, Засгийн газарт доорх асуудлаар МЭДЭГДЭЛ хүргүүлсэн. Үүнд:  

  1. 2018-2019 онд Төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх ангилал зэрэглэлийн  шинэчлэлд хамрагдаагүй зарим ажил мэргэжлүүд болон үйлчилгээний ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалин орлогыг нэмэгдүүлэх, 
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд “Шөнийн цагийн нэмэгдэл”-ийг цагийн цалинд 1 цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгоход шаардагдах төсвийг цалингийн төсвийн ангилалд шинээр тусгах замаар хэрэгжүүлэх,
  3. Унаа, хоолны хөлсийг нэмэгдүүлэх, 
  4. Төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын  тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оны төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх,
  5. Эмч, сувилагч  бэлтгэж буй тогтолцоог шинэчлэх, төрөөс үнэ төлбөргүй сувилагчийг бэлтгэх асуудлыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх,

Эдгээр асуудлуудаар МЭМАҮЭ-ийн холбооноос төсөв өргөн барихаас өмнө ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд санал, мэдэгдэл, зөвлөмж хэлбэрээр удаа дараа хандаж байсан ба эрүүл мэндийн салбарын хэлэлцээрт туссан хэдий ч төсөвт тусгагдаагүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа тул дэмжиж өгөхийг хүссэн бөгөөд холбогдох  байгууллагуудаас хариу ирж байгаагийн зэрэгцээ салбарын шинээр байгуулсан хамтын хэлэлцээрт тусгаж шийдвэрлээд байна.

Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж ажиллах хугацаанд нэмэлт 3 хэлэлцээрийг байгуулан 2019 оныг дуустал хэрэгжүүлэн ажиллалаа. Хамт(тариф)-ын үндсэн болон нэмэлт 3 хэлэлцээрийн биелэлтийг энэ оны 10 дугаар сард дүгнэн хэлэлцээд хэрэгжилт 93,9 хувийн биелэлттэй гарсан нь өмнөх жилүүдэд байгаагүй өндөр хувийн биелэлт юм. Энэ нь салбартаа нийгмийн түншлэлийг хөгжүүлж ажилласан гурван талын хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж байна.

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны  хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт(тариф)-ын хэлэлцээрт гурван талын хэлэлцээрийн бүрэлдэхүүн энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж, ХНХЯ-нд хүргүүлэн бүртгүүлж албажууллаа. 

Энэхүү хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлыг тусгасан 7 бүлэг 74 заалттай байгуулагдсан.

Тухайлбал: үндсэн цалинг нэмэгдүүлэх болон “шөнийн цаг ажилласны нэмэгдэл”-ийг 22.00-06.00 цагт ажилласан цаг тутамд тооцон олгох, эрүүл мэндийн салбарын хариуцлагатай албан тушаал болох Тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нарт хариуцлагын нэмэгдлийг үндсэн цалингийн 10-аас доошгүй хувиар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй эд хариуцагч нарт үндсэн цалингийн 8-аас доошгүй хувийн нэмэгдэл хөлс олгох, Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан орон сууцыг ипотекийн зээлд хамруулах, ажлын бус цагаар шөнийн ээлжинд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтанд оройн хоол, өглөөний цайг байгууллагын зардлаар олгох, Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрүүл мэндийн ажилтанд “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29.2 дахь заалтанд тусгагдсан мөнгөн тэтгэмжийг авах эрх үүсээгүй 5-24 жил 11 сарын хооронд ажилласан тохиолдолд ажилласан жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох, Эрүүл мэндийн байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллуулах боломжийг судлан шийдвэрлэхийн төлөө ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллах, төрөөс хувьсах зардлыг авах замаар ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулах, Эрүүл мэндийн байгууллага бүр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  ажилтныг орон тоогоор ажиллуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын  тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оноос эхлэн үе шаттайгаар 2 дахин төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг  нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн байгууллага болон байгууллагын дарга нарын ажлыг дүгнэх үзүүлэлтэд ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон хамтын гэрээний биелэлт зэргийг оруулж дүгнэнэх зэрэг ололттой заалтуудыг оруулснаар салбарт ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, тэр дундаа цалин хөлс, нийгмийн  хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг салбарын хэмжээнд шийдвэрлэхээр туссанаараа онцлог бөгөөд үр дүнтэй хамтын хэлэлцээр байгууллаа.

Эмч нарын VI их хурал “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар хуралд салбарын ҮЭ-ийн холбооноос 8 төлөөлөгч оролцсоны зэрэгцээ эмнэлгүүдийн ҮЭ-ийн хорооны дарга нарын дийлэнх нь тухайн эмнэлгээсээ төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. Хуралд салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийн асуудлыг хөндсөн салбарын өмнө нэн тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын ачааалал их, авдаг цалин бага, байр сууцанд хамрагдах асуудал орхигддог зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангах, хямд үнэтэй орон сууцанд хамруулах зорилгоор “Ариун-Очир” ХХК-иар Сүхбаатар дүүрэгт “Энэрэнгүй үйлстэн” хотхоныг бүтээн босгохоор хамтран ажиллах гэрээ байгуулан  ажиллаж байна. Энэ гэрээ хэрэгжсэнээр 2020 оны 1-р улиралд эхний 105 айлын орон сууц, 2-р улиралд дараагийн 105 айл орон сууцны түлхүүрээ гардан авах ба гэрээний хүрээнд нийт 315 айл орон сууцтай болж нийгмийн асуудал нь шийдвэрлэгдэж байна. 

Гурав. “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангаж, ажлын байрны эрсдлийг бууруулж, эрүүлжүүлэх, дархлаажуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.” зорилтын хүрээнд: 

Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  өнөөгийн байдал, ажлын байрны  стрессийн талаар мэдлэг олгож, цаашид анхаарах асуудлууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хийх ажлын төлөвлөгөөг гаргуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх Салбарын ҮЭ-ийн холбооноос анхан шатны ҮЭ-ийн хороодын ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг хамруулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба стресс менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, цаашид шийдвэрлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан удирдамжийн дагуу хот хөдөөгийн 5 эрүүл мэндийн байгууллага(Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Булган аймгийн Хангал, Хялганат сумын эрүүл мэндийн төв)-д ХАБЭА-н чиглэлээр хяналт шалгалт хийж шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөмж зөвлөгөөг өгч ажиллалаа. Шалгалтын үеэр энэ чиглэлийн ажилд төдийлөн анхаарал хандуулдаггүй, ХАБЭА-н орон тооны ажилтан ч байхгүй, орон тооны бус зөвлөл ор нэр төдий ажиллаж байгаа зэрэг илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар дээрх байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн.

"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт 1 кредитийн нэг өдрийн сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хүүхдийн төв сувиллын ҮЭ-ийн хороодын ҮЭ-ийн гишүүд, эмч, ажилтнуудад зохион байгууллаа. 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрүүл мэндийн салбарт эрүүл, аюулгүй ажлын байрыг хангуулах чиглэлээр “Ололт амжилтын түлхүүр” ХАБЭА-н мэргэшсэн сургалтын төвтэй хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна.

Талууд хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан хамтын ажиллагаандаа хууль дээдлэх, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан харилцан санал солилцох, зөвшилцөх, эрх тэгш байдлыг эрхэмлэх, нээлттэй, ил тод байх, үр бүтээлтэй хамтран ажиллах зарчим дээр тулгуурлан ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ-г харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ оны 11 дүгээр сард гарын үсэг зурснаар гэрээнд дараах онцлог асуудлуудыг тусгасан юм. Гэрээнд тусгагдсан зарим заалтуудаас дурьдвал: 

  • Эрүүл мэндийн салбарт ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалт,судалгааны ажлыг хамтран зохион байгуулах,
  • ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны ISO 45001:2018 стандартыг эрүүл мэндийн салбарт тохируулан хэрэгжүүлэх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтарсан уулзалт, ярилцлага, семинар зохион байгуулах, осол болон осол дөхсөн тохиолдол, болон үйлдвэрлэлийн ослын судалгаан дээр хамтран ажиллах
  • Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамтарсан үзлэг шалгалтыг хийх
  • Ажлын байрны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах арга аргачлал боловсруулан гаргах
  • Эрүүл мэндийн байгууллагуудын хөдөлмөрийн эрүүл мэнд хариуцсан эмч мэргэжилтэн, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан нарт зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах зэрэг чиглэлийн заалтуудыг оруулж хамтран ажиллахаар боллоо.

Талууд 2019-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө харилцан тохиролцож энэ оны 12-р сарын 02-14-ний өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудаас ХАБЭА-н мэргэшсэн 40 ажилтан бэлтгэх сургалтыг ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хороодын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтыг албан байгууллагуудад хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт эрүүл, аюулгүй ажлын байрыг хангуулах зорилгоор “Ололт амжилтын түлхүүр” ХАБЭА-н мэргэшсэн сургалтын төвтэй хамтран “Эрүүл мэндийн байгууллагуудад ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэшсэн ажилтан бэлтгэх” сургалтыг 2 ээлжээр зохион байгууллаа. Тус сургалтыг ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны ISO 45001:2018 стандартыг эрүүл мэндийн салбарт тохируулан хэрэгжүүлэхээр тусгай хөтөлбөрийн дагуу мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах, амьдралын түвшинг эрс дээшлүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно. 

--оОо--

 
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо. ...Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөн явагдлаа
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд  эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны  асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг  ...Дэлгэрэнгүй
ЭМЯ, МЭМАҮЭ холбооныхон Өмнөговь аймагт томилолтоор ажиллав
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж ...Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.  ...Дэлгэрэнгүй
Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд солонгосын төлөөлөгчид монголд айлчиллаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн  холбоо болон Солонгосын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой 2012 онд  хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  МЭМАҮЭ-ийн холбооны урилгаар энэ оны 8-р сарын 19-23-ны өдрийг хүртэл ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо. ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн гишүүдэд зориулсан амралтын өрөөний засварын ажлыг хүлээж авав
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн ...Дэлгэрэнгүй
Шинэ бүрэлдэхүүнтэй салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхны хурал боллоо
МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар  цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг  2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд  гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас  шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны ...Дэлгэрэнгүй
“Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” анхан шатны болон ахисан түвшний, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ...Дэлгэрэнгүй

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр168
mod_gaus_counter_01Өчигдөр474
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт642
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт3316
mod_gaus_counter_01Энэ сар1076
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар12366
mod_gaus_counter_01Нийт хандалт149085
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Hosted by Cloud Host